2014-05-20
Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

Мэргэжил сонгох нь ямар нэгэн сургуульд элсэн орох тухай асуудал биш, хүний амьдралын ирээдүйн хувь заяаг тодорхойлж байдаг. Ийм учраас ажил мэргэжлээ сонгох шийдвэр гаргах үйл явцад ихээхэн ул суурьтай, нухацтай хандах шаардлагатай.

Мэргэжлээ зөв сонгохын тулд юуг анхаарах шаардлагатай вэ? Мэргэжил сонголт нь шинжлэх ухааны тодорхой зүй тогтлын дагуу удаан хугацааны туршид тасралтгүй үргэлжлэн явагддаг нарийн үйл явц юм.

Мэргэжил сонголт хийх гэж байгаа хэн бүхэн дараах зөвлөмжид анхаарлаа хандуулаарай.

Нэгдүгээр алхам.

Юуны өмнө хүүхэд залуучууд мэргэжлийн талаар тодорхой ойлголт төсөөлөлтэй болох нь чухал. Өөрөөр хэлбэл мэргэжлүүдийг судална гэсэн үг. Хүүхдүүдийн дунд тохиолддог түгээмэл бэрхшээлийн нэг бол мэргэжлийн тухай ойлголт төсөөлөл хангалтгүй буюу алдаатай байдаг явдал юм.

“Өнөөдөр дэлхий дээр 40000 гаруй мэргэжил байна” гэсэн дүгнэлтийг судлаачид тоймлон гаргажээ. Энэ олон мэргэжил, мэргэжлийг бүгдийг судалж мэдэхэд бэрхшээлтэй учир тэдгээрийг үндсэн таван төрөлд хуваан авч үзсэн байдаг. Тэдгээр мэргэжлийн ангиллыг сонирхон судалж авч үзээрэй.

Хүн - Хүнтэй харилцдаг мэргэжлүүд /багш, эмч, цагдаа гэх мэт/

Хүн - Техниктэй харилцдаг мэргэжлүүд /инженерийн чиглэлийн мэргэжлүүд

Хүн - Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /малын эмч , биологич, ой судлаач гэх мэт/

Хүн - Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /нягтлан бодогч, программ хангамж гэх мэт/

Хүн - Уран сайхны дүртэй харьцдаг мэргэжлүүд /зохиолч, жүжүгчин, дуучин гэх мэт/

Хоёрдугаар алхам.

“Сайхан мэргэжил – Эрэлт хэрэгцээтэй” гэж зөвхөн нэг өнцгөөс харан ойлгож, сэтгэлийн хөөрлөөр хандаж шийдвэр гарган, сонголт хийснээс болж жинхэнэ ажлын талбар дээр гараад ирэхээрээ эзэмшсэн мэргэжилдээ эргэлзэх, дургүй болох, авъяас чадвар дутагдах ,ажил хөдөлмөрөөрөө бахархах бахархал буурах зэрэг таагүй үр дагавар гарч болох талтай. Иймээс мэргэжлийн тухай мэдээллийг авах явцдаа түүний нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын аль алийг нь судалж мэдсэн байх чухал юм.

Гуравдугаар алхам.

Мэргэжлийн хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцон, дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй байдаг. Зарим хүүхдүүд хаана хандаж, хэнээс тусламж зөвлөгөө авахаа сайн мэддэггүй. Ялангуяа өөрийнхөө талаар илүү мэдээлэл баримжаа авах, ур чадвараа нээн илрүүлэх, таних, авъяас чадамж, онцлогуудаа мэдэх хэрэгтэй. Үүний тулд манай мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж болно. Ерөнхий боловсролын сургуульд энэ чиглэлийн шинжлэх ухааныг төдийлөн судалдаггүй учир хүүхдүүд өөрсдийн сэтгэл зүйн онцлог, авъяас чадамж, “Би” төсөөллийн талаархи мэдлэг дутмаг байдаг.

Дөрөвдүгээр алхам.

Суралцагчид өөрийнхөө сэтгэл зүйн хувийн онцлог талууд, хүсэл сонирхол, авъяас чадамжуудыг судалж таньсан байх хэрэгтэй болно. Хүн өөрийн илүү хийж чадах боломжтой, авъяас нөөцөд тохирсон мэргэжлээ сонгох ёстой. Тухайлбал хэл ярианы чадвар сайтай, эелдэг уриалгахан, нийцтэй зан чанартай, бусдын сэтгэл санааг ойлгож чаддаг мэдрэмжтэй, биеэ эзэмдэн хянах тэсвээр тэвчээртэй, өөдрөг үзэл бүхий хүн бол “Хүн – хүнтэй”харилцдаг мэргэжлийг эзэмшихэд илүү тохиромжтой. Өөрийн хүсэл сонирхол, авъяас чадамжид тохирсон мэргэжлээ сонгож эзэмшвэл илүү чадварлаг сайн мэргэжилтэн болохын зэрэгцээ ажилдаа урам зоригтой, сэтгэл хангалуун байж чадах билээ. Ямарч ажил мэргэжил хүнийг алдар нэр хүнд, чинээлэг сайхан амьдралд хүргэнэ. Энэ талаас нь авч үзэх юм бол муухай ажил мэргэжил гэж байхгүй. Сонирхсон ажлаа хийгээд, тэрнээсээ таашаал аван, тохирсон цалин хөлс авч амьдарна гэдэг сайхан шүү дээ.

Тавдугаар алхам.

Мэргэжил бүхэн тодорхой авъяас чадвар, нөөц боломжууд, сэтгэл зүйн онцлог шинж чанаруудыг эзэмших гэж буй бие хүнээс шаардагдаж байдаг. Иймээс сонгох гэж байгаа мэргэжил маань ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг чадамж, авъяас сонирхол, хүсэл тэмүүлэл, сэтгэл зүйн хувийн

онцлог чанаруудыг шаарддаг болохыг урьдчилан мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд сайн судлах хэрэгтэй.

Зургадугаар алхам.

Дээрхи алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ? гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай. Учир нь чиний сонирхсон мэргэжлийг олгодог төрийн болон төрийн бус маш олон сургуулиуд байгаа. Мэргэжилтэн бэлтгэдэг боловсон хүчний хэрэгцээ, чадамж, материаллаг бааз, сургалтын төлбөр, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж зэрэг зүйлсийг харьцуулан үзсэний эцэст сонголтоо хийх нь чухал.

Дээр яригдсан бүхнээс харахад мэргэжил сонголт нь урсгалаар явагддаг зүйл биш, суралцагч, хувь хүний идэвхи оролдлого, овсгоо самбаа, санаачилга, хариуцлагатай байдал, мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах нарийн үйл явц юм.
Бодит байдал дээр манай зарим залуучууд өөрийгөө сайн таньж мэдээгүйгээс, хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил мэргэжил хэрэгцээтэй байгаа болон илүүдэлтэй байгааг судлалгүй мөн төгсөөд яг ямар ажил хийхээ мэдэхгүйгээр зөвхөн дээд боловсролын төлөө сэтгэлийн хөөрлөөрөө их дээд сургуульд элсэн суралцаж хайран цаг, мөнгөө үрдэг. Тиймээс өөрийнхөө хүсэл сонирхол, ур чадвар, сэтгэл зүйн онцлог зэрэгт тулгуурлан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр мэргэжил сонголтоо хийх нь чухал бөгөөд энэ тал дээр мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax